All guides

Хаашаа явах уу? Гадаадад суралцах гарын авлага #1

Хаашаа, хэрхэн явахаа мэдэхгүй байгаа сурагч танд өөрт тохирсон шийдлээ олоход чинь туслах практик гарын авлага цувралын эхний дугаарыг Fledge хүргэж байна.

Last updated 2026-08-04

Хаашаа, хэрхэн явахаа мэдэхгүй байгаа сурагч танд өөрт тохирсон шийдлээ олоход чинь туслах практик гарын авлага цувралын эхний дугаарыг Fledge хүргэж байна.

Гадаадад сурах талаар бодох үед толгойд юу хамгийн түрүүнд эргэлддэг вэ? Ихэнхдээ л аль нэг олон сонсогдсон улс, найзынхаа дөнгөж яваад буй хот, эсвэл сошиалаар тасралтгүй үзэгдэх нэгэн “мөрөөдлийн” л газар буудаг. Гэтэл багагүй хугацаа, ихээхэн мөнгө зарцуулсны эцэст харь газарт нэр хүнд хүйтэн өвлийг дулаацуулахгүй, тренд болсон хот төгсмөгц гарт чинь ажил атгуулж өгдөггүй билээ.

Амжилттай гадаадад суралцаад, хөлөө олсон хүмүүсийн ихэнх нь хамгийн алдартай газрыг сонгосон байхаасаа илүү хувийн төсөв, мэргэжил, хэл, зорилго, ар гэрээ тооцоолон өөрийн нөхцөлдөө зохицсон газраа олж чадсан хүмүүс байх нь олонтоо. Тиймээс энэ удаад бид сонголтоо сэтгэл хөдлөлөөр бус ухаалгаар хийхэд чинь туслах зургаан гол шалгуурыг тодорхой жишээтэйгээр хүргэж байна. Нийтлэлээ уншиж дуустал саатаарай.

**Улсаа биш, хөтөлбөрөө түрүүлж сонго
**Бүх зүйлийг өөрчлөх нэг гол зарчмаас эхэлье: та зарчимдаа аль нэг улс биш, харин тухайн улсад байрлах их сургууль, цаашлаад элсэн орох аль нэг хөтөлбөрийг сонгож байгаа гэхэд болно.

Чиний сонгосон мэргэжлийн хөтөлбөрөөраа толгой цохидог, санхүүжилт сайтай, төгсөгчид нь ажлын талбарт гараад ажилд оролт өндөртэй, дундаж их сургуульд элсэн орох нь маруухан судалгаан дээр тулгуурлан гял цал улсад, өндөрт эрэмбэлэгдсэн, алдартай сургуулийн араас хөөцөлдөн үнэт цагаа үрснээс хавьгүй дээр сонсоогдож байгаа биз. Тиймээс далбаанд нь дурлахаасаа өмнө “Миний мэргэжлийн хөтөлбөр хаана хамгийн чанартай бөгөөд төсөвт таарах үнээр заагдаж байна вэ?” гэдгээ эхэлж өөрөөсөө асуугаарай. Инженерээр Герман, Чех хямд бөгөөд хүчтэй байхад дизайн, технологиор Япон, Өмнөд Солонгос, судалгаа шинжилгээгээр АНУ, харин архитектур, урлаг, дизайнаар Итали нэрд гарсан гэх мэт. Хөтөлбөрөө чухалчилж, улсаа араас нь дагуулахыг бидний зүгээс санал болгож байна.

Нийт зургаан шалгуурыг эрэмбэлэн жагсаасныг нэг нэгээр нь харцгаая.

1. Төсөв: Тэтгэлэг газрын зургийг дахин зурна

Мөнгө бол хамгийн эхний шалгуур. Учир нь мөрөөдлийг чинь тасалдуулах хамгийн эхний саад санхүү байдгийг нуух юун. Дан сургалтын төлбөрөөс гадна нийт зардлаа тооцоорой: төлбөр, байр, хоол, даатгал, виз, очих болон буцах нислэгээ нэмээд үзэхэд нэг л мэдэхэд төсвөөс халиад явчихдаг талтай. Төлбөр “хямд” ч амьдрах өртөг өндөртэй улс, “төлбөр өндөр” ч боломжийн өртөгтэй улсаас илүү зардал шаардаж мэднэ.

Гэхдээ урам хугарах хэрэггүй. Тэтгэлэг таны газрын зургийг эргүүлж, хүрч чадахгүй гэж бодсон улс чинь гэнэт хамгийн боломжийн сонголт болж хувирч ч мэднэ. Монгол оюутнуудын хувьд бодит, санхүүжилттэй хаалганууд цөөнгүй бий: Монгол Улсын бүх түвшинд бүрэн хамрагддаг Унгар улсын Stipendium Hungaricum, том жилийн квоттой Хятадын Засгийн газрын тэтгэлэг (CSC), Солонгосын Global Korea Scholarship (GKS), Японы MEXT, түүнчлэн бараг л үнэ төлбөргүй суралцах боломжтой Германы улсын их сургуулиуд. Тиймээс юу төлж чадахаа шийдэхээсээ өмнө юу хожиж болохоо тооцоолж үзээрэй.

2. Мэргэжил: Сонгосон мэргэжил чинь хаана хамгийн их хөгжиж байна

Улс бүрт онцгой сайн хөгжсөн болон нэг их ялгараад байдаггүй мэргэжлийн хөтөлбөрүүдтэй бий. Урлагийн түүхээрээ нэрд гарсан улсад программист болох, эсвэл Монголд хүлээн зөвшөөрөгддөггүй диплом бүхий газар эмч болох гэдэг нь өөрийнхөө хамгийн том давуу талыг дэмий үрсэнтэй утга ижил.

Тиймээс мэргэжил чинь хаана гүнзгий хөгжиж, нөөц бололцоо их байгааг судлах нь зүйтэй: чадварлаг багш нар, орчин үеийн лаборатори, дадлага хийх боломж гээд бүгдийг нь харгалзаарай. Диплом чинь олон улсад, тэр дундаа буцаж ирэх бодолтой бол Монголдоо хүлээн зөвшөөрөгддөг эсэхийг мөн нягтлахаа мартуузай. Эх орондоо үнэлэгддэггүй боловсрол хожим таныг чимээгүйхэн хэдэн жилээр хойш татдаг юм шүү.

3. Хэл: Нуугдмал жил /Нуугдмал боломж/

Гадаад хэл бол оюутнуудын хамгийн дутуу үнэлдэг шалгуур гэхэд хилсдэхгүй. Энэ нь олон улсууд англи хэл дээрх хөтөлбөрүүдээ нэмсээр байгаатай холбоотой болов уу. Гэвч Герман, Чех, эх газрын Европын олон оронд англи хэл дээр “үнэгүй” сурна гэдэг ихэвчлэн тус улсын төлбөртэй хэлний бэлтгэлд жил дүүргэсний дараагаар эхэлдэг. Энэ нь урьдчилан төсөвлөж, төлөвлөх ёстой бодит цаг хугацаа, мөнгө юм.

Нөгөөтээгүүр зарим сурагчдын хувьд нэмэлт хэл сурна гэдэг өөрөө боломж ч байж болно. Солонгос, Япон, Хятад, Герман хэл сурна гэдэг зөвхөн хямд хөтөлбөрийн хаалга нээгээд зогсохгүй, цагийн ажил, илүү өргөн хүрээлэл гэх мэтчилэн, англи хэл дээр суралцагчдад тэр болгон олдоод байдаггүй боломжууд рүү хөтөлж ч мэднэ. Тиймээс өөрөөсөө шударгаар асуугаад нэг үзээрэй: нэг жилийг нэмэлт хэл сурах нь гарз уу, боломж уу? Хэрэв боломжийн санагдаж байгаа бол олон шинэ хаалганууд таны өмнө нээгдэж байна. Үгүй бол англи хэл дээрх хөтөлбөрүүдийг илүү нарийвчлан шүүж, өөрт тохирсноо олно гэдэгт итгэж байна.

4. Уур амьсгал, соёл ба орчин: Буух газар чинь

Та гадаадад өнгөрүүлэх ирэх 4-н жилүүдээ брошюрын зураг дотор бус, бодит цаг агаар, хоол хүнс, шинэ соёл дунд өнгөрүүлнэ. Монгол хүн хатуу өвлийг хүйтэнтэй нь андахгүй ч чийглэг уур амьсгал, огт өөр нийгмийн хэмнэл, хоол унданд дасна гэдэг өөрөө хэнд ч амаргүй билээ.

Тиймээс өдөр тутмын амьдрал гэр орноосоо хэр харь газар баймаар байгаагаа өөрөөсөө асууж мэдэх нь зүйтэй болов уу. Ойрхон, төстэй соёл (Хятад, Солонгос) руу зөөлөн газардаж болно, аль эсвэл тэс өөр соёл (Итали, АНУ) сонирхолтой туршлага мөн сорилт болж болх хэдий ч том цохилт болж, дасахад хэцүү ч байж мэднэ. Аль нэг нь нөгөөгөөсөө “дээр” сонголт биш, харин өөрийнхөө юу хүсэж тэмүүлж байгаа, хэр бэлтгэлтэйгээ таньж мэдэж боломжит эрсдлүүдээс сэргийлж буй алхмууд гэдгийг мартуузай. Судалгаа чинь нарийн, чимхлүүр байх тусмаа л давуу талтай: хоол хүнс зохицох уу, Монгол хүмүүс хэр их бий вэ, урт харанхуй өвөлтэй юу, эсвэл эцэс төгсгөлгүй чийглэг халуун уу? Их сургуулийн жагсаалтын эрэмбээс илүү эдгээр “жижиг” зүйлс таны өдөр тутмын аз жаргалыг, амьдралын чанарыг тодорхойлох тул судалгаагаа гүн хийгээрэй.

5. Ажил мэргэжлийн зорилго: Бариагаа бодож гараанаасаа гарах нь

Ихэнх оюутнуудын хойшлуулдаг асуултыг эртхэн тавьж үзэх үү? “Төгсөөд би юу хийх вэ?“ Хариулт нь өнөөдрийн чинь сонголтыг хөнгөвчилж мэднэ.

Гадаадад карьераа босгох бодолтой байгаа бол улс бүрийн төгссөний дараах ажлын виз, олон улсын төгсөгчдийг ажлын зах зээл нь хэр байдгийг жишиж үзээрэй. Зарим улс ажил хайх боломжийг нэг ба түүнээс дээш жилээр олгодог бол зарим нь хэдхэн хоногийн дотор гэр лүү чинь мордуулах нь бий. Харин Монгол руугаа буцах бол аль улсын диплом, хэл, хүрээлэл эх оронд чинь илүү үнэ цэнтэй болохыг тооцоолж, ажлын талбар дахь эрэлт хэрэгцээг аль ч тохиолдолд бодолцон сонголтоо хийх нь зүйтэй…

6. Зай, дэмжлэг: Хэр хол хэтэрхий хол вэ?

Эцэст нь хамгийн хүнлэг шалгуур. Та жилд хэдэн удаа гэр лүүгээ буцах вэ? Энэ асуултын хариулт улс тив хамааран тэс өөр байх нь ойлгомжтой. Сөүл рүү гурван цаг хагасын нислэг, АНУ, Европын улсууд руу хэд дамжсан аялал хоёр огт өөр нөхцөл байдал шүү дээ. Баяр наадмын өдрүүд, улирлын амралтууд, аль эсвэл зүгээр л гэрээ санагалзах өдрүүдэд хол зай гэдэг энгийн нэг хийсвэр ойлголт байхаа больдог жамтай.

Түшиг тулгуураа ч бас бодох нь ээ, эхний хэдэн сарууд хамгийн хүнд байдгийн дагуу нөмөр нөөлөг болох хүмүүс, Монгол хүрээлэл тэнд хэр олон бэ? Солонгос, Хятад, Чех, Герман гэх мэт улсуудад Монголчууд олон бий гэгддэг бол Итали, Франц, Англид арай тарж бутарсан мэдрэгдэх жишээний. Энэ хэдий гадагшаа сурахаар зорьсон оюутан болгоны туулдаг зам ч урьдчилж мэдээд, төсөөлөлтэй байхад илүүдэхгүй бас нэгэн чухал шалгуур юм. Энд ч мөн зөв хариулт гэж үгүй, зөвхөн өөрийн чинь сэтгэлийн хат, бие даах чадвар хэр вэ гэдгээ үнэнээр нь эргэцүүлэх нэг боломж болов уу.

Нэгтгэн бодох нь: Жагсаалтаа эрэмбэл

Одоо нэг энгийн дасгал хийе л дээ. Дээрх зургаан шалгуураа өөртөө тааруулан эрэмбэлээрэй. Учир нь шалгуур бүр өөр өөр фактор луу чиглэсэн тул зургууланг нь нэг түвшинд эрэмбэлэх нь утгагүй. Хүн бүрийн үнэт зүйл, эцсийн мөчид шийдвэрлэх шалгуур нь өө: хэн нэгэнд төсөв, ажил мэргэжил хамгийн чухал байхад, өөр нэгэнд хэл, гэртээ ойр байх нь илүү чухал байж болно. Бүх нийтэд тохирох зөв дараалал гэж үгүйг энэхүү нийтлэлээрээ дахин сануулъя. Иймд хэцүү асуултуудаас зайлсхийлгүй, жижиг деталиудаас төвөгшөөлгүй, зөвхөн өөртөө таарсан тэр л оновчтой сонголтоо хийгээсэй хэмээн хүсэж байна.

Дараа нь жагсаалтдаа багтсан улсуудаа эхний гурван шалгууртайгаа тулган 1-ээс 5-ын хооронд үнэлээрэй. Үр дүн нь таныг гайхшируулах вий. Буулт хийнэ гэдэг бүтэлгүйтэл биш харин оновчтой замаа эрт олж буй амжилт, цаашлаад үнэн зөв шийдвэрийн чинь жам ёсны хэлбэр юм. Холыг амбицтай зорино гэдэг нь ч хий хоосон мөрөөдөж буй хэрэг биш, шийдсэн сонголтынхоо мөрөөр үнэнчээр явах шийдэмгий чанарын илэрхийлэл юм.

Товчхондоо

Төгс улс гэж үгүй. Бодит төсөв, мэргэжил, хэл, амьдралын чанар, хувь хүний зорилго үнэт зүйлтэй нийцсэн зөвхөн таны зөв сонголт л гэж л бий. Толгойгоо ч, зүрхээ ч сонсож, зургаан шалгуураараа бүгдийг нэвт харвал та үүнийгээ олно гэж найдаж байна. Энэхүү аялалд нь энэхүү нийтлэл багахан ч болов тус хүргэсэн бол бидний хэрэг бүтэж байна аа…