Бүх гарын авлага

Хаанаас эхлэх үү? Гадаадад суралцах гарын авлага #2

Мөрөөдлөө хэрэгжүүлэх хамгийн том түлхүүр бол эрт эхэлж, системтэй төлөвлөх билээ. Иймд энэхүү гарын авлагад гадаадад суралцах өргөдлийн анхны алхмаас эхлээд онгоцноос буух хүртэлх бүх явцыг сар сараар нь нэгтгэн бэлтгэлээ.

Сүүлд шинэчилсэн 2026-08-04

Мөрөөдлөө хэрэгжүүлэх хамгийн том түлхүүр бол эрт эхэлж, системтэй төлөвлөх билээ. Иймд энэхүү гарын авлагад гадаадад суралцах өргөдлийн анхны алхмаас эхлээд онгоцноос буух хүртэлх бүх явцыг сар сараар нь нэгтгэн бэлтгэлээ.

Гадаадад суралцах замд суут ухаантнуудын зам л дардан байдаг гэх ойлголт уншигч таны толгойнд нэгэнтээ эргэлдэж л байсан байх. Гэвч эрт эхэлж, төлөвлөгөө зорилгоо чадлаараа нарийн тодорхойлж, алхам алхмаар тууштай урагшлах хэр чухал вэ гэдгийг санах нь зүйтэй. Энэхүү гарын авлага нь ямар нэгэн зөвлөх, зуучлагчийн тусламжгүйгээр бие даан гадаадын их сургуульд элсэхээр зэхэж буй сурагч, залууст зориулан сар сараар нь хуваарилсан төлөвлөгөө юм. Гарын авлагаа эргүүлж тойруулан, бидэнтэй хамт task-уудаа дараалан хэрэгжүүлээд явахыг уриалж байна.

ТОДОРХОЙ ХУВААРЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Ихэнх их сургууль, тэтгэлгүүд хатуу эцсийн хугацаатай (deadline) байдаг тул ганц л өдөр алдахад төлөвлөгөө чинь бүтэн жилээр хойшилж мэднэ. Иймд тодорхой хуваарь, системтэй байх нь сэтгэл түгшээж, толгой эргүүлсэн олон үйл явцыг хэрэгжүүлэхэд хялбар алхмуудад задлан амарчилдаг. Эрт эхэлбэл шалгалтын оноогоо ахиулах, тэтгэлэг хайх, бичиг баримтаа бүрдүүлэх хангалттай цаг гарахаас гадна эцсийн хугацаа дөхөхөд сандрах шаардлагагүй болно.

Урьдчилан төлөвлөх нь зөв шийдвэрээ гаргахад ч асар том түшиг тулгуур болдог. Сургалтын төлбөр, амьжиргааны зардал, хөтөлбөр бүрийн шаардлагыг эртнээс нягталчихвал баримжаагүй таамаглалаас татгалзаж, өөрийн зорилгод яг цав нийцэх сонголтыг хийж чадна. Эцэст нь, тодорхой байдал л айдсыг өөртөө итгэх итгэл болгон хувиргадаг.

АЛТАН ДҮРЭМ

Үндсэн үе шатууд руу орохоос өмнө нэгэн чухал зарчмыг саная: Ажлаа урагш нь биш, ухраан төлөвлөх. Application deadline гэдэг тулаад ирэхэд ганц хоног ч хойшилдоггүй, тогтсон зүйл учраас тэрхүү товлосон өдрөө цохож, тэндээсээ ухраан тоолох хэрэгтэй. Чухал бүх хугацааг нэг хуудсанд нэгтгэн бичээд, дараах алхмуудыг тус хуваарьтаа тулгуурлан өрөөрэй.

Энэ нь энгийн, ойлгомжтой зүйл шиг санагдаж болох ч өргөдлөө илгээхээс авхуулаад сургуульдаа тэнцэх хүртэлх бүхий л бүх үйл явцын чинь суурь тулгуур нь учраас хойш тавилгүй ЭРТ ЭХЛЭЭРЭЙ.

12–18 САРЫН ӨМНӨ: СУДАЛГАА БА ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

Юун түрүүнд юу хүсэж байгаагаа ойлгох: Та ямар мэргэжил эзэмшмээр байна, тэр чинь таныг ирээдүйд хаашаа хөтлөх ёстой вэ? Энэ асуултынхаа хариултыг олчихвол бусад шийдвэрүүд ар араасаа тодорно.

Үүний дараа судалгааныхаа хүрээг тэлэх: Сургуулийн чансаа, зэрэглэлийн тоонд зөвхөн ач холбогдол өгөлгүйгээр хэд хэдэн улсын хөтөлбөрүүдийн хичээлийн агуулга, багшлах чанар болон оюутнуудын өдөр тутмын бодит амьдралыг харьцуулж үзэх нь чухал.

Яг энэ үед суралцах орноо сонгох асуулт гарч ирэх байх. Энэ нь магадгүй их сургуулиа сонгохоос ч том шийдвэр байх болов уу. Тухайлбал, Англи хэлээр заадаг хөтөлбөрүүд хэлний оноо шаарддаг бол олон Европын орнуудад “үнэ төлбөргүй” сургуулиуд тус улсын хэлийг эзэмшсэн байхыг шаардах жишээний. Түүнчлэн тухайн орны соёл, амьжиргааны зардал, цаг агаар, оюутнуудын ажиллах боломжийг хамтад нь жинлэж үзээрэй (бид эхний дугаартаа үүнийг нарийвчлан задалсан билээ).

Мөн санхүүгийн төлөвлөгөөгөө одооноос бэлдэж эхлээрэй. Сургалтын төлбөр болон амьжиргааны өртөг газар бүр харилцан адилгүй тул монгол оюутнуудад нээлттэй тэтгэлгүүдийг жагсаан шалгах нь зүйтэй. Тухайлбал:

  • Унгарын Stipendium Hungaricum
  • Хятадын Засгийн газрын тэтгэлэг (CSC)
  • Солонгосын GKS
  • Японы MEXT
  • Германы үнэ төлбөргүй улсын их сургуулиуд

Өөрт нээлттэй тэтгэлгүүдийг эртнээс судлах нь санхүүгийн ачааллыг чинь хөнгөлж, шинэ боломжуудыг нээх гарц болдог.

10–12 САРЫН ӨМНӨ: ШАЛГАЛТ БА БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ

Энэ үеэс эхлэн шалгалтдаа төвлөрөх. Ихэнх сургууль хэлний мэдлэгийн стандартжуулсан шалгалт (IELTS, TOEFL, HSK, TOPIK г.м), харин зарим нь ЭЕШ, SAT, TOLC оноо шаарддаг.

Шалгалтаа эрт өгөх нь хоёр талын ач холбогдолтой:

  • Суудлаа амжиж баталгаажуулна: Намрын завгүй өдрүүд эхлэхээс урьтаж суудлаа захиална.
  • Сэтгэл амгалан байна: Хэрэв хүссэн оноондоо хүрэхгүй бол дахин өгч, оноогоо ахиулах хангалттай хугацаа үлдэнэ.

Дээрх шалгалтуудын оноо дор хаяж хоёр жил хүчинтэй байдаг тул санаа амар эрт өгөхийг зөвлөж байна.

Үүнтэй зэрэгцэн дүнгийн хуудас, сургуулийн тодорхойлолт зэрэг сурлагын бичиг баримтуудаа цуглуулж эхлээрэй. Мөн зөвхөн сурлагын дүнгээр хязгаарлалгүй оролцсон аль эсвэл санаачилсан төсөл, нийгмийн идэвх, цагийн ажил гэх мэт туршлагаа үргэлжлүүлэн арвижуулах хэрэгтэй. Сургуулиуд зөвхөн онц дүнтэй сурагчдаас илүү идэвх санаачилгатай оюутнуудыг онцлох нь олонтоо.

8–10 САРЫН ӨМНӨ: ИХ СУРГУУЛИУДАА ШИГШИХ

Энэ үед судалгаагаа бодит байдалд нийцүүлэн чанаржуулж, сонгосон сургуулиудаа дахин шигшиж, дараах 3 ангилалд хуваагаарай:

  • Эрсдэлтэй ч хүч үзэх (Reach): Боломж харьцангуй бага ч зориод үзэх амбицтай сургуулиуд.
  • Яг цав таарах (Target): Таны одоогийн оноо, боломжид яв цав нийцэх сургуулиуд.
  • Баталгаатай (Safety): Тэнцэх магадлал нэн өндөр, эрсдэлгүй баталгаа болгож сонгосон сургуулиуд

…гэсэн хэд хэдэн сургуулийг багтаасан тэнцвэртэй жагсаалт гаргах нь оновчтой.

Мөн дахин сануулахад deadline-уудаа нэгтгэн дугаарлаарай. Зарим сургууль эрт элсэлт авдаг бол зарим нь материал ирэх тутамд шийдвэрлэж байдаг. Засгийн газрын тэтгэлгүүд ч өөр өөрийн гэсэн тодорхой хуваарьтай. Энэ бүх хугацааг сургууль тус бүрд шаардагдах бичиг баримтын хамт нэг хуудсанд нэгтгэчихвэл хожим сандарч, тулгамдах эрсдлээс зайлсхийж байгаа хэрэг.

6–8 САРЫН ӨМНӨ: ӨРГӨДЛӨӨ ЭХЛҮҮЛЭХ

Одоо хамгийн их цаг, хичээл зүтгэл шаардсан үе ирлээ. Cover Letter / Personal Statement буюу хувийн эсээ бол таны хувь хүний онцлогийг бүрэн харуулах цорын ганц орон зай тул цаг заваа зориулаарай. Сайн бичигдсэн эсээ тухайн хөтөлбөрт хэр сонирхолтой байгааг чинь илэрхийлэхээс гадна, өргөдлийн бусад хэсгүүдэд тусгаж чадаагүй талаа харуулах боломж чинь юм. Тиймээс эсээгээ санаандаа хүртэл, байнгын засаж сайжруулах хэрэгтэй болно.

Тодорхойлох захидлыг (Recommendation letter) материал хүргэхээс доор хаяж 4–6 долоо хоногийн өмнө өөрийг тань сайн мэддэг багш, удирдлагаасаа хүсээрэй. Ингэхдээ өөрийн гаргаж байсан амжилт, бахархалтай ажлуудаа товч сануулж өгвөл бичиж буй хүнд чинь илүү тодорхой, чанартай захидал бичихэд тусална.

Үүнтэй зэрэгцэн CV, боловсролын гэрчилгээ, мөн мэргэжлийн онцлогоос хамааран портфолиогоо бэлдээрэй. Ихэнх тэтгэлэг суудлын хязгаартай байдаг тул тэтгэлгийн өргөдлөө сургуулийнхаа өргөдөлтэй хамтад нь бэлдэх нь чухал.

5–6 САРЫН ӨМНӨ: ӨРГӨДЛӨӨ ИЛГЭЭХ

Одоо хамгийн хариуцлагатай мөч. Өргөдлийн маягтаа бүрэн бөглөж, хавсаргасан бичиг баримтуудаа сүүлчийн удаа дахин нэг нягтлаарай.

  • Төлбөрийн карт бэлдэх: Өргөдлийн хураамж төлөх олон улсын карт (Visa/Mastercard)-ны гүйлгээний хязгаар, үлдэгдлийг урьдчилан шалгаарай.
  • Баталгаажуулалт: Материалаа илгээсний дараа имэйлээр ирэх баталгаажуулах дугаар (Application ID/Confirmation)-ийг заавал хадгалж авна.
  • Системийн онцлог: АНУ-ын Common App, Германы uni-assist, Италийн Universitaly гэх мэт төвлөрсөн системүүд дэх хувийн аккаунтынхаа мэдээллийг нягталж, системийн ачаалал нэмэгдэхээс өмнө амжиж илгээгээрэй.

3–5 САРЫН ӨМНӨ: ШИЙДВЭР

Энэ үеэс сургуулиудын хариу, элсэлтийн урилга, болзолт санал гэх мэт хариунууд ирж эхлэх тул имэйл болон өргөдлийн порталаа тогтмол шалгаарай.

  • Ярилцлагад бэлдэх: Зарим сургууль болон тэтгэлгүүд (тухайлбал MEXT, GKS-ийн 2 дахь шат) ярилцлагад урьдаг тул эсээндээ бичсэн зүйлсээ сайн санаж, түгээмэл асуултуудад бэлдэж, зорилгоо тодорхой ярих дадлага хийгээрэй.
  • Нэгээс дээш сургуульд тэнцвэл: Хөтөлбөрийн агуулга, тэтгэлгийн хэмжээ, амьжиргааны зардлаа дахин жинлэж үзээд заасан хугацаанд нь амжиж шийдвэрээ зохих байгууллагадаа мэдэгдэхээ мартуузай (Acceptance deadline).
  • Барьцаа төлбөр (Deposit): Сургуулийн суудлаа баталгаажуулах барьцаа төлбөрийг хугацаанд нь шилжүүлэх шаардлагатайг санаж бэлтгэлтэй байгаарай.

2–4 САРЫН ӨМНӨ: ВИЗ

Албан ёсны урилгаа авснаар визний бэлтгэл эхэлнэ. Улс орон бүрийн журам өөр тул шаардлагуудыг сайтар нягталж, ягштал дагаарай. Виз бүрийн шаардлагууд ялгаатай ч ерөнхий материалууд ижил байна:

  • Санхүүгийн баталгаа: Германд блок данс, Солонгос болон Японд банкны үлдэгдэл г.м
  • Бичиг баримт: Апостиль гэрчилгээ болон орчуулга шаардлагатай материалууд
  • Визний цаг: Мэдүүлгээ илгээх уулзалтын тов/цаг, баталгаажуулалт

Монгол сурагчид санхүүгийн баталгаа дээр хамгийн их бүдэрдэг тул банкны хуулга, ивээн тэтгэгчийн захидал зэргээ эртнээс эцэг эхтэйгээ зөвлөлдөөрэй. Түүнчлэн эрүүл мэндийн үзлэг, биометрик шаардах улсуудад виз мэдүүлэх бол эдгээрийг ч санах нь зүйтэй.

💡Санамж: Элсэлтийн оргил үеэр Улаанбаатар дахь Элчин сайдын яамдын визний цагууд хурдан дуусдаг тул эртнээс цагаа захиалаарай.

1–3 САРЫН ӨМНӨ: ЯВАХ БЭЛТГЭЛ

Энэ үеэс эхлэн нүүх бэлтгэлдээ орно. Нислэгийн тийзээ эрт авбал хямд тусна. Мөн байраа (дотуур байр эсвэл түрээсийн өрөө) заавал урьдчилан баталгаажуулаарай. Хаа ч байсан олон улсын оюутнуудаас эрүүл мэндийн даатгал шаардагддаг тул нислэгээсээ өмнө тохирох эрүүл мэндийн даатгалаа цахимаар амжиж аваарай. Түүнчлэн сургуулийнхаа шинэ оюутнуудын өдөрлөгийг (orientation) битгий алдаарай. Мөн очих орныхоо соёл, зан заншлыг эртнээс бага зэрэг судлаарай. Ингэж чадвал эхний долоо хоногуудад шинэ орчиндоо дасан зохицоход хавьгүй хялбар байх болно.

СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГУУД

Энэ бол гадагшаа сурахаар явж буй аяллын тань сэтгэл зүйгээ бэлдэж, практикийн бэлэн байдлаа хангах сүүлчийн шат юм. Догдолж байгаагийнхаа хэрээр бага зэрэг айдас, түгшилт ажиглагдах нь хэвийн зүйл тул ойр дотнынхонтойгоо чанартай цагийг өнгөрөөж, сэтгэл зүйгээ тайван байлгахад анхаараарай. Түүнчлэн очоод эхний 24 цагт хийх зүйлсээ (унаа, байрандаа орох, сүлжээнд холбогдох, бэлэн мөнгө, газрын зураг) дарааллын дагуу нарийн төлөвлөчихвөл онгоцноос буумагц тулгарах соёлын шок, төөрөгдлийг амархан давах болно оо.

ТОВЧХОНДОО

Элсэлтийн явцад гаргадаг хамгийн том алдаа бол авьяас чадвар дутах биш, ердөө л цаг хугацаа алдах явдал байдаг. Сурагчдын хамгийн их бүдэрдэг сул эсээ, дутуу бодсон санхүү, оройтсон визний мэдүүлэг зэрэг эрсдэлүүдээс эртнээс бэлдэж эхэлснээр бүрэн зайлсхийж чадна. Иймд өргөдөл бүрээ сэтгэлээсээ бэлдэж, бичиг баримтаа эмх цэгцтэй зангидан, туршлагатай менторууд болон Fledge-ийн хамт олонтой ойр байгаарай. Мөн АНУ-ын Common App, Германы uni-assist, Солонгосын GKS гэх мэт улс бүрийн порталын шаардлага өөр тул тухайн хөтөлбөрийнхөө албан ёсны мэдээллийг цаг тухай бүрд нь эх сурвалжаас нь хүлээн авч нь байх нь чухал юм.

Гагцхүү амжилт гэдэг алхам алхмаар төвлөрч хийсэн бэлтгэлийн үр дүн байдаг. Энэхүү бичвэрээрээ гарт чинь тодорхой зураглал байгаа цагт амжилттай суралцах боломж бүгдэд нээлттэй байдаг гэдгийг сануулахыг зорилоо. Таны энэ аяны турш бид тантай үргэлж хамт байх болно оо!

💡Санамж: Нийтлэлд дурдсан хугацаа, товууд нь баримжаа төдий тул зорилтот сургуулийнхаа албан ёсны хуваарийг цахим хаягууд болон сайт, порталуудаас шалгахыг зөвлөж байна.